ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Хууль зөрчсөн аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авлаа

2019-02-20

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 оны 1 дүгээр сард Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шалгалт хийсэн.

Зар сурталчилгааны тухай хуульд хатуулаг багатай дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг сонин, сэтгүүл, радио, телевиз, интернэтээр хэрхэн түгээх талаар тодорхой заасан байдаг.

 

Гэтэл хуулиар хориглосон, хууль бус сурталчилгааг зарим  аж ахуй эрхлэгчид ялангуяа интернэт буюу цахим орчин, тухайлбал /facebook/-ээр согтууруулах ундааны хэрэглээг уриалсан шинжтэй, төрөл бүрийн сугалаа, хонжвор, урамшуулалт худалдааг зарласан зар сурталчилгааг түгээж байгаа зөрчлүүд илэрсэн. Тухайлбал,

 

Хяналт шалгалтаар “Наран Март” ХХК нь 2019.01.21-2019.01.27-ыг дуустал архины хямдралтай худалдаа хийх зар сурталчилгааг өөрийн Facebook хуудсанд байршуулсан “Наран супермаркет” 2019.01.21-2019.01.27-ыг дуустал “Австралийн өдрийн мэнд хүргэе, Наран Фүүдс компани хэрэглэгчид та бүхэндээ “Австралийн үндэсний баярыг тохиолдуулан Австрали брендийн танилцуулах өдрүүдэд урьж байна” гэх зар сурталчилгааг түгээсэн зөрчил илэрсэн.

 

Энэ нь согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах-ыг хориглоно гэж заасныг зөрчсөн.

 

Дээрхи зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн” гэж заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу тус компанид 5000 нэгж буюу 5000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг таслан зогсоосон.

 

ШӨХТГ-аас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, хууль бус зар сурталчилгаа түгээж, бүтээж, захиалж байгаа аж ахуй эрхлэгчдэд хууль зөрчихгүй байхыг анхааруулж, Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж ажиллалаа.

 

Хэрэв дээрх шаардлагагыг биелүүлээгүй, хуулиар хориглосон, хууль бус зар сурталчилгаа захиалсан, бүтээсэн, түгээсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүртэл арга хэмжээг авахыг анхааруулсан.

 

Цаашид хууль бус зар сурталчилгаатай тэмцэхэд иргэн, хувь хүн, хуулийн этгээдүүдээс ирүүлэх мэдээ мэдээлэл чухал байна.

 

 

 

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР