ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ “ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭ – ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙН ЖИЛ”-Д НЭГДЭВ.

2019-02-28

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Улаанбаатар төмөр зам” ХХН, “МИАТ” ХК-иудын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүдтэй 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” гэж, тус газраас “Хариуцлагатай хэрэглээ – Хэрэглэгчийн эрхийн жил” гэж тус тус зарласан ажлын  хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран зам, тээврийн салбарын үйлчлүүлэгчдэд зориулан зөвлөмж, зөвлөгөө бэлтгэн гаргах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар хамтран ажиллахаар боллоо.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус яамны “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн дарга С.Батболд:  Зам, тээврийн салбараар үйлчлүүлэгчдэд зориулан 2018 онд авто вокзалуудад “Эх, нялхасын өрөө”-г тохижуулж ашиглалтад оруулсан, авто үйлчилгээний мэдээллийн цахим систем autobox.mn сайтыг бий болгосон гэх мэт ажлуудыг хийсэн, 2019 онд тус яамны “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөг танилцуулж, цаашид Монгол Улсын хэмжээнд зам, тээврийн салбараар үйлчлүүлэгчдийн “ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ” талаар шинэлэг, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж ажиллахаа илэрхийлэв.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

УТАС:1800-1284