ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ ЧИГЛЭСЭН БОДИТ АЖЛЫН САЙН ТУРШЛАГЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

2019-04-24

Монгол Улсын Засгийн газраас зарласан “Иргэн төвтэй – төрийн үйлчилгээ”-ний жил, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөн”-өөс гаргасан зөвлөмж, “Хариуцлагатай хэрэглээ – хэрэглэгчийн эрх”-ийн жилийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхи санаачлага гарган иргэн, хэрэглэгч, үйлчлүүлэгчийнхээ төлөө ажиллаж байгаа Архивын Ерөнхий газрын удирдлага, хамт олонд нийт ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар “Хэрэглэгч гэдэг бол аливаа бараа, ажил, үйлчилгээг зөвхөн хувийн хэрэгцээндээ зориулан худалдан авч, үйлчлүүлж байгаа хувь хүн” юм. Нийгмийн үйлчилгээг хүлээн авч буй хэн бүхэн тухайн салбарынхаа хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч байдаг учраас бүх шатны байгууллагууд иргэнийхээ төлөө, хэрэглэгчийнхээ төлөө, үйлчилгээний байгууллагууд нь үйлчлүүлэгч, харилцагчдынхаа төлөө ажиллаж байж хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал төгс шийдэгдэх юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Хариуцлагатай хэрэглээ – хэрэглэгчийн эрх”-ийн жилийн хүрээнд хэрэглэгчийн асуудлаар хэрэглэгч, бизнес эрхлэгч, үйлчилгээний байгууллагууд болон төрийн байгууллагууд гэсэн гурвалсан хэлхээ бүхий “ХӨГЖЛИЙН ГУРВАЛЖИН” буюу хамтын ажиллагааны гурвалжинг бий болгох зорилтыг дэвшүүлэн 2019 онд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэхүү “хөгжлийн гурвалжин” буюу хамтын ажиллагааны нэгээхэн бодит жишээ болж Архивын Ерөнхий газраас лавлагаа мэдээллийн цогц үйлчилгээг нэг дороос иргэдэд үзүүлэх, иргэд, хэрэглэгчийн тав тухыг хангасан үйлчилгээний шинэлэг орчин бий болгох зорилгоор Архивын Ерөнхий газрын 1 давхарт “Лавлагаа үйлчилгээний төв”-ийг ажиллуулж эхэлсэн байна.

Тус төв нь эхлээд иргэд, хэрэглэгчдэд архивын лавлагааны захиалга өгөх, хариу авах гэх мэт цөөн тооны үйлчилгээг үзүүлж байсан бол одоо лавлах утас 1800-1205 тусгай дугаар, www.archives.gov.mn сайтыг ажиллуулах, угтах үйлчилгээгээр иргэдэд үйлчлэх зэргээр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлжээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн эхчүүдэд зориулсан автомашины зогсоолыг бий болгож, тухайн иргэд, хэрэглэгчдэд үйлчилгээг ямар нэгэн дараалалгүйгээр авах боломжийг бүрдүүлж чаджээ.

Энэхүү сайн туршлага болохуйц ажлаас санаа авч бусад төрийн болон төрийн бус байгуулллага, аж ахуйн нэгж өөрсдийн ажил, үйлчилгээндээ хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ эрхийг хамгаалсан санал, санаачилгыг гарган бодитоор хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

 

УТАС: 1800-1284

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР