ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ 2019 ОНД УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО.

2018-09-11

2005 оноос эхлэн Азийн Хөгжлийн банкны институт, Японы Шударга худалдааны хорооны зохион байгуулалтаар Зүүн Өмнөд Азийн бүсийн Өрсөлдөөний байгууллагуудын удирдах ажилтнуудын сайн туршлага хуваалцах, тулгамдаж буй асуудлаараа харилцан санал солилцох зэрэг олон талын ач холбогдол бүхий Дээд хэмжээний уулзалт хийгдэж ирсэн түүхтэй.
Тус дээд хэмжээний уулзалтыг энэ удаа Азийн Хөгжлийн банкны институт, Японы Шударга худалдааны хороо зэрэг ббайгууллагууд Австралийн Хэрэглэгч, Өрсөлдөөний хороотой хамтран Сидней хотноо 2018 оны 8 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаанд ШӨХТГ-ыг төлөөлөн агентлагийн дарга Б. Лхагва, Хамтын ажиллагааны газрын дарга Ш. Цэрэндулам нар оролцож, илтгэл мэдээллээ танилцуулж, санал солилцлоо.
Зүүн Өмнөд Азийн бүсийн Өрсөлдөөний байгууллагуудын уулзалт, хурлаар:
– Үндэсний хууль эрх зүй, бодлого дах өнөөгийн хөгжил, үйл явц,
– Үндэстэн дамнасан хэрэг маргааныг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа,
– Өрсөлдөөний талаар олон нийтэд зөв ойлголтыг өгөх арга хэрэгслүүд,
– Техник хамтын ажиллагаан дах туршлага, үнэлгээ, зохицуулалт гэсэн 4 үндсэн асуудлыг хэлэлцэж, харилцан туршлага, мэдээллээсээ хуваалцсан байна.
Мөн Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн өрсөлдөөний байгууллагын үйл ажиллагаанд Шинэ Зеланд улсын Өрсөлдөөний хороо нэгдэх хүсэлтээ өгч, үүнийг баталгаажуулан цаашид албан ёсоор бүсийн нийт 18 Өрсөлдөөний байгууллагууд туршлагаасаа хуваалцаж, нягт хамтран ажиллахаар боллоо.
Түүнчлэн Монгол Улсын Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газрын хувьд 2017 оноос эхлэн Зүүн Өмнөд Азийн Өрсөлдөөний байгууллагын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг тавьсны үр дүнд 2019 онд 15 дах удаагийн уулзалтыг Монгол Улс зохион байгуулах эрхийг авлаа.
Хурлын сэдвүүдийн хүрээнд анхаарал татсан зарим асуудлыг танилцуулахад:
– Япон улсын хувьд анхны Өрсөлдөөний хуулийн зохицуулалт нь 1956 оноос эхлэн хэрэгжиж, Өрсөлдөөний байгууллага бий болж байсан бол Вьютнам, Лаос, Камбож, Тайланд, Филиппин зэрэг улс орнуудын хувьд АСЕЙН-ий өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу Өрсөлдөөний тухай хуулиуд нь 2017-2018 онд батлагдаж, улмаар Өрсөлдөөний бие даасан агентлагууд нь өөрийн орны онцлогтой уялдуулан шинэ тутам байгуулагдсан байна.
– БНСУ-ын Өрсөлдөөний байгууллагын хувьд өрсөлдөөнийг дэмжих, эдийн засгийн хүчирхэг хүч болох томоохон бизнесийн бүлгийг зохицуулах, жижиг дунд үйлдвэрлэл бизнесийн дэмжих тусгайлсан бодлогыг гаргах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд анхаарч ажилладаг. Гол тулгамдаж буй асуудал нь аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал гэж нэрлэгдэж буй цахим эдийн засаг дах зах зээлийн судалгаа, үнэлгээ, түүний хяналт шалгалтын асуудал юм.
– Тайландийн Өрсөлдөөний хууль эрх зүйн онцлогийн хувьд Өрсөлдөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль гэсэн 2 хуулиар зохицуулагддаг. Энэ нь үндэсний эдийн засгаа дэмжиж, гадны хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгахад чиглэгддэг. Тухайлбал, тухайн компанийн гадаадын нийт хөрөнгө оруулалтын 49 хувиас доош байгаа тохиолдолд тухайн компанийг Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулдаг бол 49 хувиас дээш гадаадын хөрөнгө оруулалттай тохиолдолд Гадаадын Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулагддаг онцлогтой. Хэрвээ өрсөлдөөний тухай хууль журмыг зөрчвөл захиргааны арга хэмжээ авдаг ба зах зээл дэх давамгай байдлаа хууль бусаар ашигласан, үгсэн тохиролцож бараа бүтээгдэхүүний үнээ нэмэх зэрэг нийгэм, эдийн засгийн хор уршгаасаа хамааран Эрүүгийн хуулиар шийтгэл оногдуулдаг байна.
– Үндэстэн дамнасан корпораци, бизнесийн үйл ажиллагааг хянах, тэдний үйл ажиллагаанд холбогдох хяналт шалгалтын хийхэд олон улсын өрсөлдөөний байгууллагуудын хувьд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой байгаа талаар харилцан санал солилцлоо. Монгол Улсын хувьд улс орны эдийн засагт чухал нөлөө бүхий хөрш орнууд зэрэг нийт 9 орны 11 хэрэглэгч, өрсөлдөөний байгууллагатай хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна.
– Олон нийтэд Өрсөлдөөний тухай хуулийн танилцуулахад хийгдсэн хяналт шалгалтын үр дүн нэг бүрийг олон нийтэд танилцуулах, түүгээр дамжуулан бусад хэрэг зөрчлөөс хувийн секторыг хамгаалах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг байна. Мөн тодорхой зах зээлд хийгдсэн эдийн засгийн дүн шинжилгээ, Засгийн газарт өгч буй зөвлөмж зэргийг олон нийтэд мэдээлэх мөн Өрсөлдөөний байгууллагыг олон нийтэд танилцуулах хамгийн үр ашигтай аргуудын нэг байдаг. Зарим тохиолдолд олон нийтэд зориулсан сэдэвчилсэн уралдаан, тэмцээн, богино хугацааны боловсролын хөтөлбөр нь шинэ тутам байгуулагдсан Өрсөлдөөний байгууллагын хувьд үр дүнгээ өгч байгаа талаар Малайз, Филиппин зэрэг улс орнууд онцолж байлаа.
– Техник хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Япон, Солонгос, Австрали зэрэг улс орнууд сүүлийн жилүүдэд ижил төстэй Өрсөлдөөний байгууллага, хороонд боловсон хүчнийг чадавхижуулах, хөгжлийн бодлого боловсруулахад нь идэвхтэй дэмжлэг үзүүлж байгаа сайн жишээ байна.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
УТАС: 51-266155, 7000-1285