ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ МОНОПОЛИЙН ЭСРЭГ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНТОЙ ТАНИЛЦАВ.

2018-10-11

2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Евразийн эдийн засгийн холбооны Монополийн эсрэг зохицуулалтын газрын дарга Сушкевич.А.Ч болон зөвлөх Лепесов.С.К нар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагаатай танилцан улсын байцаагчидтай нээлттэй хэлэлцүүлэг хийн туршлага солилцон ажиллав.

Төлөөлөгчид албан айлчлалын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Төмөрбат нартай албан уулзалт хийж, Монгол Улсын өрсөлдөөний тухай хууль, бодлого болон худалдаа эдийн засгийн хөгжилд өрсөлдөөний эрх бүхий байгууллагын үүрэг, цаашид хэрэгжүүлэх боломжтой албан ажлууд зэрэг өргөн сэдвийн хүрээнд ярилцлаа.

Евразийн Эдийн засгийн холбоо болон Монгол Улсын Засгийн газар хоорондын 2017-2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд Монополийн эсрэг зохицуулалттай холбоотой асуудлын талаар тусгасан байдаг. Тус төлөвлөгөөний дагуу одоогийн өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилт, зохицуулалт болон олон улсын түвшинд боловсон хүчинг чадавхжуулах, техникийн болон арга зүйн зөвлөгөө аван цаашид хамтран ажиллах ач холбогдолтой уулзалт болов.

Евразийн эдийн засгийн холбоо нь 2015 оны 1 дүгээр сард байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар ОХУ, Казахстан, Беларусь, Кыргиз, Армен зэрэг таван гишүүн орноос бүрдэж байна.

2015 онд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байгаа юм.