ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

2019-04-24 09:15:39
ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ ЧИГЛЭСЭН БОДИТ АЖЛЫН САЙН ТУРШЛАГЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газраас зарласан “Иргэн төвтэй – төрийн үйлчилгээ”-ний жил, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөн”-өөс гаргасан зөвлөмж, “Хариуцлагатай хэрэглээ – хэрэглэгчийн эрх”-ийн жилийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхи санаачлага гарган иргэн, хэрэглэгч, үйлчлүүлэгчийнхээ төлөө ажиллаж байгаа Архивын Ерөнхий газрын удирдлага, хамт олонд нийт ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар “Хэрэглэгч гэдэг бол аливаа бараа, ажил, үйлчилгээг зөвхөн хувийн хэрэгцээндээ зориулан худалдан авч, үйлчлүүлж байгаа хувь хүн” юм. Нийгмийн үйлчилгээг хүлээн авч буй хэн бүхэн тухайн салбарынхаа хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч байдаг учраас бүх шатны байгууллагууд иргэнийхээ төлөө, хэрэглэгчийнхээ төлөө, үйлчилгээний байгууллагууд нь үйлчлүүлэгч, харилцагчдынхаа төлөө ажиллаж байж хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал төгс шийдэгдэх юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Хариуцлагатай хэрэглээ – хэрэглэгчийн эрх”-ийн жилийн хүрээнд хэрэглэгчийн асуудлаар хэрэглэгч, бизнес эрхлэгч, үйлчилгээний байгууллагууд болон төрийн байгууллагууд гэсэн гурвалсан хэлхээ бүхий “ХӨГЖЛИЙН ГУРВАЛЖИН” буюу хамтын ажиллагааны гурвалжинг бий болгох зорилтыг дэвшүүлэн 2019 онд хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэхүү “хөгжлийн гурвалжин” буюу хамтын ажиллагааны нэгээхэн бодит жишээ болж Архивын Ерөнхий газраас лавлагаа мэдээллийн цогц үйлчилгээг нэг дороос иргэдэд үзүүлэх, иргэд, хэрэглэгчийн тав тухыг хангасан үйлчилгээний шинэлэг орчин бий болгох зорилгоор Архивын Ерөнхий газрын 1 давхарт “Лавлагаа үйлчилгээний төв”-ийг ажиллуулж эхэлсэн байна. Тус төв нь эхлээд иргэд, хэрэглэгчдэд архивын лавлагааны захиалга өгөх, хариу авах гэх мэт цөөн тооны үйлчилгээг үзүүлж байсан бол одоо лавлах утас 1800-1205 тусгай дугаар, www.archives.gov.mn сайтыг ажиллуулах, угтах үйлчилгээгээр иргэдэд үйлчлэх зэргээр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн эхчүүдэд зориулсан автомашины зогсоолыг бий болгож, тухайн иргэд, хэрэглэгчдэд үйлчилгээг ямар нэгэн дараалалгүйгээр авах боломжийг бүрдүүлж чаджээ. Энэхүү сайн туршлага болохуйц ажлаас санаа авч бусад төрийн болон төрийн бус байгуулллага, аж ахуйн нэгж өөрсдийн ажил, үйлчилгээндээ хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ эрхийг хамгаалсан санал, санаачилгыг гарган бодитоор хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ   УТАС: 1800-1284 ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

2019-04-22 04:12:05
ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга болон холбогдох албаны хүмүүс Говьсүмбэр аймагт 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ажиллаа. Тус аймагт ажиллах хугацаанд аймгийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, төсвийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар мэдээлэл өглөө. Уулзалтын үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва “ШӨХТГ-аас 2019 оныг “Хариуцлагатай хэрэглээ- хэрэглэгчийн эрхийн жил” болгон зарлаж  хэрэглэгчийн асуудлаар хэрэглэгч, бизнес эрхлэгч, үйлчилгээний байгууллагууд болон төрийн байгууллагууд гэсэн гурвалсан хэлхээ бүхий “хөгжлийн гурвалжин” буюу хамтын ажиллагааны гурвалжинг бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа талаар танилцуулж, сонирхсон асуултанд хариулт өгч, саналыг сонссон юм. ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаа, тэдний хэрэгжүүлж буй сайн туршлагаас танилцуулж мэдээлэл хийн, саналаа солилцов. Тус аймагт ажиллах үеэр ШӨХТГ-ын дарга болон ХЭХГ-ын дарга нар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Монгол Улсын Шадар сайд, БСШУСЯ-ны сайдын хамтарсан тушаалыг хэрхэн хэрэгжүүлж “Хүүхэд – Хэрэглэгч” өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайлан, мэдээлэлтэй танилцаж зөвлөмж, чиглэл өгсөн байна. Мөн зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн худалдан борлуулж буй бараа, бүтээгдэхүүний хаяг, шошгожилтод хяналт шалгалт хийж гарсан зөрчлийг арилгах талаар сануулга, зөвлөмжийг өгч ажиллаа. УТАС: 1800-1284 ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР    

2019-04-19 07:18:55
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭЭС “СОД МОНГОЛ ГРУПП” ХХК-ИЙГ “ХЭРЭГЛЭГЧИЙГ ХУУЛЬ БУСААР ХОХИРООХ ХУДАЛДААНЫ АРГА ХЭРЭГЛЭСЭН” ГЭЖ ҮЗЛЭЭ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д хэрэглэгчдээс “Зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийж байна” гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.   Хяналт шалгалтаар “Сод монгол групп” ХХК-ийн Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дизель түлш болон АИ-92 автобензинийг иргэдэд бэлэн мөнгөөр бус тухайн байгууллагын “Аи-Си” картаар борлуулан автобензин болон дизелийн түлшний борлуулалтыг хязгаарлалттайгаар буюу худалдах хэмжээг үнийн дүн, хэмжих нэгж /литр/-ээр хязгаарлаж худалдаалсан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.   “Сод монгол групп” ХХК-ийн зүгээс хяналт шалгалтын дүнд гарсан улсын байцаагчдын дүгнэлт, албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага бүхий” нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу Захиргааны хэргийн гурван шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд улсын байцаагчдын гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.   Ингэснээр “Сод монгол групп” ХХК дизель түлш болон АИ-92 автобензинийг иргэдэд бэлэн мөнгөөр бус тухайн компанийн “Аи-Си” картаар борлуулан автобензин болон дизелийн түлшний борлуулалтыг хязгаарлалттайгаар худалдаалсан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогдлоо. Утас-263776   ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

2019-04-11 03:27:04
АЙМГУУДЫН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛСЭН ТАЛААРХ АЖЛЫН ТАЙЛАНГ ТОЙМЛОН ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн” сэдвийн хүрээнд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Орон тооны бус салбар зөвлөлүүдээс энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын  тайланг тоймлон танилцуулж байна. Дархан –Уул аймаг Дархан-Уул аймгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлөөс Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө гарган дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: Хэрэглэгчдийг сургалт, мэдээллээр хангах, хэрэглээний соёлд суралцуулах үүднээс санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах сэдвээр Ерөнхий боловсролын  сургууль, МСҮТ-ийн оюутан, сурагчдад сургалтыг зохион байгууллаа. “Аюулгүй, ухаалаг, бараа бүтээгдэхүүн” өдөрлөг, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулж хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллажээ. Мөн Орон тооны бус салбар зөвлөлөөс хийсэн ажлын тайлангаа аймгийн ИТХ, Засаг даргад танилцуулан ажилласан байна. Өмнөговь аймаг Тус аймгийн орон тооны бус салбар зөвлөлөөс Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллаа. Энэхүү ажлын хүрээнд “Ухаалаг, аюулгүй бараа, бүтээгдэхүүн” үзэсгэлэн, “Хэрэглэгч таны төлөө” нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, хүнсний болон худалдаа үйлдвэрлэл эрхлэгч 500 гаруй иргэдийг хамруулан тус тус зохион байгуулсан байна. Түүнчлэн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй танилцах аялалыг Ерөнхий боловсролын сургуулийн 150 хүүхдийг хамруулан зохион байгуулжээ. Мөн хэрэглэгчээ дээдлэн ажилладаг хоёр аж ахуйн нэгжийг шалгаруулан шагнаж урамшуулсан байна. Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд бараа, бүтээгдэхүүний хаяг шошгожилтыг Монгол хэлээр болгох зөвлөмжийг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн ажээ. Сэлэнгэ аймаг Олон улсын хэрэглэгчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тус аймгийн Засаг даргаас А/75 захирамжийг гарган хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулсан байна. Үүнд: “Хүнсний бүтээгдэхүүнийг кодоор таних” сургалт, “Аюулгүй бараа, бүтээгдэхүүн” сургалт, “Аюулгүй ухаалаг бараа бүтээгдэхүүн” сэдэвт гар зургийн уралдаан, “Бид хэрэглэгч” зохион бичлэгийн уралдааныг хүүхдүүдийн дунд зохион байгуулав. Мөн “АХА” асуулт, хариултын тэмцээн, “Үйлдвэрлэгч ах эгч нартаа илгээх захидал” зохион бичлэгийн уралдаан, “Нэг удаагийн нийлэг уут”, “Давс багатай үйлдвэрлэлийг дэмжих аян”, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг сурталчлах аян, “Ундны усны хэрэглээ, усны савыг сонгон хэрэглэх” зөвлөмж,  “Хувцсаар нь угтаж ухаанаар нь үдье” хэлэлцүүлэг, “Гааны зохистой хэрэглээ”, “Насанд хүрээгүй хүүхдэд худалдан борлуулж болохгүй бараа, бүтээгдэхүүн” танилцуулга, Монгол хэлний хуулийн хэрэгжилт, зөв бичих дүрэм, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, “Миний биед хортой хүнсний бүтээгдэхүүн” гар зургийн уралдаан, “Хүүхэд хэрэглэгч” эссэ бичлэгийн уралдаан зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Аймгийн хэмжээнд 1462 иргэн, 5284 сурагч, хүүхдэд сургалт сурталчилгаа зөвлөгөө мэдээллийг өгсөн байна. Дорнод аймаг Тус аймгийн орон тооны бус салбар зөвлөлөөс Олон улсын хэрэглэгчийн өдрийг угтан Ерөнхий боловсролын 10 сургуулийн сурагчдад “Эрүүл аюулгүй хүнс”, “Цахим орчин дахь зөв хэрэглээ”, “Усны зохист хэрэглээ”, “Эрчим хүч-хэрэглээ-хэмнэлт”, “Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт” сэдвүүдээр сургалт нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. “Аюулгүй ухаалаг бараа, бүтээгдэхүүн” өдөрлөгийг “ДБЭХС” ТӨХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран зохион байгуулав. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар иргэдийн хамгийн ихээр санал, хүсэлтээ ирүүлдэг байгууллагуудад зөвлөгөө чиглэл өгч ажилласан бөгөөд цаашид “Эрүүл хүнс – 2,3,4” хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Завхан аймаг Тус аймгийн орон тооны бус салбар зөвлөлөөс Олон улсын хэрэглэгчийн өдрийг угтан “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн” сэдвээр Ерөнхий боловсролын 5-9 дүгээр ангийн 800 гаруй хүүхдэд сургалт зохион байгуулж, сургуулийн орчмын хүнсний дэлгүүр, цайны газарт нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллаж илэрсэн зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн байна. Архангай аймаг Тус аймгийн орон тооны бус салбар зөвлөлөөс Олон улсын хэрэглэгчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх удирдамж чиглэлийг гарган дараах ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Үүнд:  “Ухаалаг хэрэглээ”, “Цахим хэрэглээний хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, сургууль цэцэрлэгийн орчинд худалдан борлуулахыг хориглосон бараа, бүтээгдэхүүн”, “Хүүхдийг үл хайхрах хүчирхийллийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээллийг зохион байгуулав. Аймгийн хэмжээнд 33 сургууль, 34 цэцэрлэг, “Хүүхэд хэрэглэгч” 40 минутын хичээлийг нийт 810 бүлгийн 18843 сурагчдад заажээ. “Аюулгүй ухаалаг бараа, бүтээгдэхүүн”, “Хүүхэд хамгаалалд бүх нийтийн оролцоо”, “Хүүхдийн аюулгүй байдал хамгаалал” сургалтыг 2500 хүүхдийг хамруулан зохион байгуулав. “Хоол хүнс ба эрүүл мэнд” илтгэлийн уралдааныг ЕБС-ын ахлах ангийн 237 сурагчдын дунд зохион байгуулж ажиллаа. Ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчимд худалдаа эрхэлдэг хүнсний дэлгүүр, цайны газар, цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийж ажилласан байна. Ховд аймаг “Аюулгүй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон нийлэг хальсан уут, хуванцар сав, баглаа, боодлын хор уршиг” –ийн талаар МХГазар, бүтээгдэхүүний стандарт, норм, техникийн шаардлагын талаар Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран сургалт хийв. Олон улсын хэрэглэгчийн өдрийг угтан  “Ухаалаг, аюулгүй бараа, бүтээгдэхүүний хэрэглээ” сэдвээр өдөрлөг арга хэмжээг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр “Ухаалаг бараа, бүтээгдэхүүн гэж юуг хэлэх, түүний хэрэглээ” –ний талаар хэрэглэгчдийг дулаан, цахилгаан, эрчим хүч, цэвэр, бохир усаар хангагч байгууллагууд, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд мэдээлэл хийж бүтээгдэхүүнийхээ үзэсгэлэнг гаргав. Мөн өдөрлөгийн үеэр орон тооны бус салбар зөвлөлөөс иргэд, хэрэглэгчдэд ажлын тайлангаа танилцуулсан байна.   Булган аймаг Тус аймгийн орон тооны бус салбар зөвлөлөөс “Хариуцлагатай хэрэглээ ба хэрэглэгчийн эрх – 2019” аялах дэвтрийн удирдамж боловсруулан 16 сум 1 тосгон, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд аялуулж байна. Энэхүү ажлын хэрэгжилтийг 2019 оны 4 дүгээр улиралд дүгнэж үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулсан 1 сум, 1 байгууллагыг шалгаруулахаар төлөвлөсөн байна. Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтан сургалт, мэдээллийг иргэд, хэрэглэгчдэд өгөхийн сацуу Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны хүүхдүүдийн хоол, хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж зөвлөмж өгч ажиллажээ. Сүхбаатар аймаг Олон улсын өдрийг угтан “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн” нээлттэй хаалганы өдөрлөгийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулав. Түүнчлэн Баруун-Урт суманд үйл ажиллагаагаа явуулж буй нийтийн хоол, хүнсний дэлгүүрийн 95  аж ахуйн нэгжийн дарга, удирдлагуудад “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн”, “Хүүхэд хэрэглэгч”, “Хуурамч мөнгөний хэрэглээ, хэрхэн таних” сэдвүүдээр сургалт зохион байгуулжээ. Утас: 1800-1284 ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР


“Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар”-ын хуралдаанаас 2017 онд гаргасан шийдвэр /тогтоол/

Дэлгэрэнгүй

Видео Мэдээ

  1. Хүүхэд багачуудыг бага, өсвөр наснаас хариуцлагатай, соёлтой хэрэглэгч болгон хүмүүжүүлэх хүүхэд бүрийг энэ чиглэлээр гүнзгий ойлголттой болгох зорилгоор “Хүүхэд хаан хэрэглэгч” гар зургийн уралдааныг аймгийн хэмжээний бүх ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгуулж, шалгарууллаа.
 
  1. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын тус аймаг дахь улсын байцаагчид, болон аймгийн орон тооны бус салбар зөвлөлтэй хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу "Аюулгүй, ухаалаг бараа бүтээгдэхүүн" сэдвийн хүрээнд уламжлалт аргаар хийсэн цагаан идээний чанар, аюулгүй байдалд 04/113 тоот удирдамжаар Тирлик захад худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн худалдан борлуулж байгаа бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулав. Хяналт шалгалтын явцын талаар орон нутгийн радиогоор мэдээлэл хийв.
  2. Хяналт шалгалтын ажлын дүн болон Хэрэглэгчдэд боловсрол олгох чиглэлээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн талаар аймгийн орон нутгийн радиод ярилцлага өгч, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалт хийж ажилласан.
  3. Аймгийн ЗДТГ, ШӨХТГ,МХГ, СХЗХ, ХХААГ, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл, ХЭАХН,  Дэлхийн зөн ОУБ хамтран “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ-ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭ” зөвлөгөөнийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШӨХТГ-ЫН ОРОН ТООНЫ БУС УЛСЫН БАЙЦААГЧ Ө.ХУРЛАЙ   2019.03.26

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Баян-Өлгий аймгийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн хийсэн ажлын тайлан мэдээ

МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮНЭ БҮРДЭЛТЭД ХИЙЖ БАЙГАА ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ

“Хүүхэд-Хэрэглэгч” аян зохион байгуулж байна