(976) 1800-1284

ШӨХТГ ба Та

Шинэ мэдээ, Шийдвэрлэсэн асуудал

Өрсөлдөөн гэж юу вэ?

2015 оны 06-р сарын 16 ны өдөр

     Өрсөлдөөн бол бизнес эрхлэгчдийн зах зээлд оршин тогтнох, хөгжин дэвшихийн төлөөх тэмцэл яах аргагүй мөн бөгөөд тэр нь тухайн бизнес эрхлэгчийг байнга хөгжүүлж, дэвшүүлж байдаг сайн талтай зүйл юм. Шударга өрсөлдөөний нөхцөл бүрдсэн зах зээлд хамгийн хямд бөгөөд хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчдийн гарт хүрч байдаг.

     Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж зах зээлийн өрсөлдөөнд оролцож байгаа хүн зах зээлд эзлэх өөрийн байр сууриа өсгөн амжилтанд хүрснээр хөрөнгө, ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн туйлын ганц л зорилготой байдаг. Гэвч зах зээлд оршин тогтнохын төлөөх энэ тэмцэлд хэн нэгэн нь хялбар аргаар ялах, хялбараар ашиг олохын тулд нийгэм, эдийн засаг, ард иргэд, өрсөлдөгчийн үйл ажиллагаанд хор хохирол учруулах, тэдний эрхийг зөрчих шударга бус өрсөлдөөний арга хэлбэрийг сонгодог байна.

     Шударга бус өрсөлдөөнийг хориглох эрх зүйн зохицуулалт нь зах зээлд шударга өрсөлдөөнийг дэмжих замаар зах зээлийг чөлөөтэй байлгах, хүний аж ахуй эрхлэх, өмч хөрөнгө олж авах, эзэмших болон чөлөөтэй сонголт хийх эрх чөлөөг хангах, бизнесийг аль болох чөлөөтэй эрхлэх боломжийг бий болгохыг зорьж байдаг.

     Өнөөдөр зах зээлийн эдийн засаг бүхий улс орнууд зах зээлийн өрсөлдөөний ач холбогдлыг бүрэн ухамсарлан ойлгож, чөлөөт зах зээлийг, шударга өрсөлдөөнийг шударга бус өрсөлдөөнөөс болон төрийн дур зоргын үйл ажиллагаанаас хамгаалах хамгаалалтын механизмыг бий болгох ёстой гэдэг дээр санал нийлээд байна. Одоогийн байдлаар дэлхий дээр 100 гаруй улс шударга бус өрсөлдөөнийг төрийн бодлогоор хуульчлан зохицуулж байна. Дэлхийн улс орнууд шударга бус өрсөлдөөнийг зохицуулах талын туршлагаар харилцан адилгүй байдаг. АНУ гэхэд 100 гаруй жилийн түүхтэйгээрээ хамгийн туршлагатайд тооцогдож байна.

     Монгол Улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн тэр үетэй зэрэгцэн 1993 онд шударга бус өрсөлдөөнийг зохицуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгож чадсан бөгөөд 2010 онд Өрсөлдөөний тухай шинэ хуулийг батлан гаргаснаар дэлхийн жишигт нийцсэн сайн хууль эрх зүйн орчинтой болсон юм.

     Өнөө үед өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын талаар дэлхийн улс орнуудын үзэл баримтлал болсон дараах нийтлэг зохицуулалтууд нэгэнт бий болсон байна. Үүнд:

     1. Төрөөс зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах зохицуулалт;

     2. Зах зээлийн харилцаанд оролцогч этгээдийн зүгээс өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглох зохицуулалт;

     Хоёр дахь зохицуулалтын хувьд дотроо дараахь төрлүүдтэй байна. Үүнд:

1. Картель буюу шударга өрсөлдөөний эсрэг чиглэн хийгдсэн компаниудын хоорондох хэлцлийн зохицуулалт;
2. Компаниудын нэгдэн нийлэх үйл ажиллагаанд хийх зохицуулалт;
3. Давамгай байдалтай хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийх зохицуулалт;
4. Зүй ёсны монополь байдалтай хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийх зохицуулалт;
5. Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааны хяналт зохицуулалт

 

1. Төрөөс зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах зохицуулалт

     Өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын нэг чухал зорилт бол төрийн байгууллагын зүгээс зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд нөлөөлөх, хүний аж ахуйгаа чөлөөтэй эрхлэх, өмч хөрөнгө олж авах эрхийг шууд болон шууд бусаар хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих, түүнийг хязгаарлах явдал юм. Зах зээлийн эдийн засаг бүхий аль ч улс оронд бизнес эрхлэгчид төрийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж өөрт ашигтай байдлыг олж авахыг хичээдэг. Зарим тохиолдолд төрийн байгууллага ийм нөлөөнд автаагүй байсан ч гэсэн зах зээлийн өрсөлдөөнд дураар оролцож, түүнд сөргөөр нөлөөлсөн шийдвэр гаргах тохиолдол байдаг.

     Энэ зөрчилтэй байдал нь төрийн байгууллагуудаас компаниудад олгодог зөвшөөрөл, лицензтэй холбоотой асуудал дээр ихэвчлэн тохиолддог. Мөн төрийн хөрөнгөөр худалдан авалт хийх ажиллагаа /тендер/-ны үед ихээхэн хөндөгддөг.

     Аливаа төрийн байгууллагаас зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа өрсөлдөгч нарын хэн нэгэнд нь илүү таатай нөхцөл, боломж, давуу талыг олгох нь бусад өрсөлдөгчийг хүнд байдалд оруулах бөгөөд магадгүй зах зээлээс шахагдах байдалд ч хүргэж болох юм.

     Мөн зарим тохиолдолд төрийн байгууллагаас аливаа компаний үнэ, бараа бүтээгдэхүүнээ борлуулах нутаг дэвсгэр, ажиллах цагийн хуваарь зэргийг дур мэдэн тогтоож өгөх нь өрсөлдөөнд ихээхэн сөрөг нөлөөтэй байж болно.

     Тухайлбал, Н аймгийн засаг дарга тухайн аймгийн нутаг дэвсгэрт зөвхөн тус аймгийн нэг компаний архийг худалдаалахыг зөвшөөрч бусад бүх төрлийн архийг худалдаалахыг хориглосон шийдвэр гаргасан тохиолдол байдаг. Энэ нь бусад өрсөлдөгчийг тухайн зах зээлд чөлөөтэй үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаад зогсохгүй тухайн зах зээлийн хувьд зөвшөөрөл авсан компанийг монополь байдалтай болж зах зээлийн тэнцвэрт байдал алдагдана. Мөн хэрэглэгчдийн сонголт хийх эрхийг шууд хязгаарлаж байна.

     Төрийн байгууллагын зүгээс гаргаж байгаа өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэхүйц шийдвэрүүдийн дотроос үндэсний стандартыг батлан гаргах эрх бүхий байгууллагын шийдвэрт онцгой анхаарал хандуулах шаардлагатай байдаг. Ихэнхи улс оронд үндэсний хэмжээнд заавал мөрдөгдөх стандартыг хууль ёсных бөгөөд заавал мөрдөх ёстой гэж үзэн хүлээн зөвшөөрч байдаг. Гэтэл стандартаар дамжуулан зах зээлийн шударга өрсөлдөөнийг алдагдуулах, зах зээлд нэвтрэх саадыг бий болгох тохиолдол байна. Чухал ач холбогдолгүй, хэт өндөр шаардлага бүхий стандарт батлан гаргаснаар тухайн зах зээлд нэвтрэн орох компаниудын хувьд асар их саадыг бий болгодог.

     Манай улсын хувьд төрөөс зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах зохицуулалтыг Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд тусгаж зохицуулсан бөгөөд уг зүйлд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хориглох зүйлсийг тодорхой заасан байдаг.

     Тухайлбал, “хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох, бүртгэл явуулах, төлбөр, хураамж авахыг хориглоно.”, “аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэх мэт. Хүлээлгэх хариуцлагын хувьд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан байна.

2. Үгсэн хуйвалдах буюу картелийн зохицуулалт

     Зах зээлийн өрсөлдөөний харилцааг хуульчлан зохицуулж эхэлсэн түүхийг эргэн харвал томоохон үйлдвэрлэгч, худалдаачдын хоорондоо үгсэн хуйвалдаж буюу картель хийж монополь ашиг олж байгааг таслан зогсоох, түүнээс болж улс орны эдийн засаг, иргэдэд учирч байгаа хохирлыг багасгахад чиглэгдэн үүссэн байдаг.

     Картелийн талаар олон арван тодорхойлотуудыг эрдэмтэд, олон улсын байгууллагуудаас өгсөн байдаг бөгөөд эдгээр тодорхойлолтууд нь бүгд “картель гэж өрсөлдөөнийг зохиомлоор хязгаарлаж, бараа бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтийн хувь хэмжээг тогтооход чиглэгдсэн хэлцэл юм.” гэсэн гол санааг илэрхийлж байна.

     Картель нь олон төрөл, хэлбэртэй, янз бүрийн байдлаар илрэх бөгөөд үндсэнд нь:

• Хэвтээ картель
• Босоо картель гэсэн төрөлд хуваан авч үзэж хуулиар зохицуулж байна.

Нэг төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа өрсөлдөгчдийн хоорондоо байгуулдаг хэлцэл нь тэдний бие дааж үйл ажиллагаа явуулах, өөр хоорондоо өрсөлдөх чадварыг хязгаарлахад чиглэсэн байдаг бөгөөд хэвтээ картель гэж нэрлэгддэг. Өрсөлдөгч этгээдүүдийн хооронд байгуулагдах хэвтээ картель нь үйлдвэрлэлийг хязгаарлаж, үнийг нэмэгдүүлэх замаар өрсөлдөөнийг бууруулж, бүр устгаж ч болзошгүй юм.

Харин өөр өөр зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа боловч хоорондоо ямар нэг байдлаар харилцан холбоотой компаниудын хооронд байгуулагдаж байгаа хэлцлийг босоо картель гэж нэрлэдэг. Босоо картель нь зах зээлийн өрсөлдөөнд янз бүрээр хязгаарлалт хийдэг.

Картелийн дээрх төрлүүдээс хэвтээ картелийг хамгийн хүнд хэлбэрийн картельд тооцож хуулиар нарийн зохицуулдаг бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Хүнд хэлбэрийн картелийн эсрэг авах арга хэмжээний тухай зөвлөмж”-д “хүнд хэлбэрийн картель” гэдэг нь үнэ тогтоох, тендерт тохиролцож оролцох, нийлүүлэлтийг хязгаарлах, зах зээлийг хуваарилах зэргээр өрсөлдөгчдийн хооронд байгуулагдсан гэрээ, хэлцэл, хамтарсан үйл ажиллагааг ойлгоно. ” гэжээ.
Хэвтээ төрлийн картель нь дотроо олон хэлбэртэй байх бөгөөд олон улсад зайлшгүй хуулиар зохицуулах, хориглох шаардлагатай гэж үзэж байгаа дараахь хэлбэрүүд байна. Үүнд:

• Үнэ тогтоох /price-fixing/;
• Үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хязгаарлах/output restriction/;
• Зах зээлийг хуваарилах /market allocation/;
• Уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаанд урьдчилан тохиролцож оролцох /bid-rigging/;

3. Компаниудын нэгдэх, нийлэх үйл ажиллагааны зохицуулалт

     Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын нэг чухал зорилт нь аж ахуйн нэгжүүдийн нэгдэх, нийлэх харилцааг зохицуулах асуудал байдаг. Аливаа компаний үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг нэгдэх, хоёр буюу хэд хэдэн компаний үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг нийлэх гэнэ . Товчхондоо бол нэг компанийг бэхжүүлж, нөгөөг устгах замаар бие даасан хоёр компани нэгдэж нэг компани болж байгаа аливаа үйлдлийг нэгдэх, нийлэх үйл ажиллагаа гэж үздэг .

Яагаад компаниудын нэгдэх, нийлэх үйл ажиллагааг
зохицуулах ёстой вэ?

     Зарим компаниуд үйл ажиллагаагаа оновчтой болгож өөрийн өрсөлдөх чадвараа дээшлүүлснээс бус, харин нэгдэх, нийлэх үйл ажиллагаанаас болж өсдөг.

     Нэгдэх, нийлэх үйл ажиллагаанд тавих хяналтын шаардлага нь маш хялбар. Одоогийн байгаа зах зээлийн хүчин чадалд хяналт тавих оролдлого хийхийн оронд компани нэгдэх, нийлэх замаар зах зээлийн хүчийг бий болгож түүнийгээ буруугаар ашиглан хэрэглэгч, өрсөлдөгчийг хохироон ашиг хонжоо олохоос урьдчилан сэргийлэх нь хамаагүй амар юм. Тиймээс нэгдэх, нийлэх үйл ажиллагааг тухайн зах зээлд үзүүлэх сөрөг нөлөөлөл талаас нь хянаж зохицуулдаг.

     Зарим нэгдэх, нийлэх үйл ажиллагаа нь түүний үр дүнд бий болсон зах зээлийн хүчин чадлыг буруугаар ашиглах магадлалыг огцом нэмэгдүүлэх бөгөөд өрсөлдөөнд маш ноцтой аюул учруулж болох талтай. Иймд шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтаар түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь маш чухал.

     Нэгдэх, нийлэх үйл ажиллагааг дотор нь:

• Хэвтээ хэлбэрийн нэгдэх, нийлэх үйл ажиллагаа /Horzintal merger/
• Босоо хэлбэрийн нэгдэх, нийлэх үйл ажиллагаа /Vertical merger/ гэж ангилан авч үздэг байна.

     Өрсөлдөөний эсрэг нөлөөтэй нэгдэх, нийлэх үйл ажиллагааг зах зээлийн ихээхэн хүчтэй нэг компани үүсгэдэг эсвэл өмнө нь зах зээл дээр хүчтэй байсан компанийг улам хүчтэй болгодог. Хамгийн тааламжгүй тохиолдолд нэгдэх, нийлэх үйл ажиллагаа нь монополь компанийг бий болгоно. Ингэснээр тухайн компани зах зээлийн тэнцвэрт байдалд нөлөөлж, үнээ өрсөлдөөнт түвшнээс дээгүүр нэмэгдүүлж, урт хугацаагаар хэрэглэгчдийг болон нийгмийг хохироодог. Ихэнх улс орнуудад өрсөлдөөний эсрэг нөлөөтэй ийм төрлийн нэгдэх, нийлэх үйл ажиллагааг хуулиар хориглохыг оролддог .

     Монгол Улс дээрх нэгдэх, нийлэх үйл ажиллагааны зохицуулалтыг Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлд бүрэн зохицуулж чадсан бөгөөд хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан тохиолдолд 20 000 000 хүртэл төгрөгөөр торгохоор заасан байна.

4. Давамгай байдалтай компанийн үйл ажиллагаанд хийх зохицуулалт

     Тухайн зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг компанийг давамгай байдалтай компани гэх бөгөөд давамгай байдалтай компаниуд гол төлөв зах зээлийн 30-аас дээш хувийг эзэлсэн байдаг. Давамгай байдалтай компаниуд бие дааж үнэ тогтоох чадалтай тохиолдолд шударга өрсөлдөөний эсрэг томоохон асуудал үүсгэдэг. Давамгай байдалтай компаниуд өрсөлдөөний эсрэг үйл ажиллагааны үр дүнд давамгай байдал олж авсан тохиолдолд энэ нь өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын гол цөм нь байж болох талтай .

     Давамгай байдалтай буюу зах зээлийн тэнцвэрт байдалд нөлөө үзүүлэх хүчтэй компаниуд зах зээл дээрх өөрийн давамгай байдлаа хадгалах, улам нэмэгдүүлэх зорилгоор шударга өрсөлдөөний эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Ийм үйл ажиллагаа нь

• Үнийн ялгаварлал /price discrimination/ хийх;
• Үнийн түрэмгийлэл /predatory pricing/ хийх;
• Худалдаа наймаа хийхээс татгалзах /refusal to deal/sell/;
• Барааг худалдаалахдаа түүнд өөр бараа дагалдуулан худалдаалах /Tied Selling/;
• Дахин борлуулалтын үнэ тогтоох /Resale Price Maintenance/ зэрэг түгээмэл үйлдлээр илрэн гардаг.

     Үнийн ялгаварлал хийх:

     Үнийн ялгаварлал гэдэг нь ижилхэн бараа, үйлчилгээнд зардлаас үл хамааран өөр өөр үнэ тогтоож худалдан авагчдад худалдаалахыг хэлдэг. Үнийн ялгаварлал нь олон хэлбэртэй байх ба үүнд янз бүрийн насны бүлгийн хүмүүс, газар зүйн өөр өөр байршилд тохируулан янз бүрийн үнийг тогтоох асуудлыг багтаадаг.

     Үнийн ялгаварлал нь өрсөлдөөний эсрэг олон үр дагавартай байдаг. Жишээлбэл давамгай байдалтай компаниуд тухайн нэг орон нутгийн хүчтэй өрсөлдөгч нарыг шахан зайлуулахын тулд зөвхөн тухайн зах зээл дээр үнийг бууруулж болох юм.

     Үнийн түрэмгийлэл хийх:

     Энэ нь бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлийн зардлаас доогуур үнээр борлуулах эсвэл маш доогуур үнэ тогтоох замаар өрсөлдөгчдийг зах зээлээс шахан зайлуулахад чиглэгдсэн давамгай байдалтай компанийн зориудын стратеги юм. Давамгай байдалтай компанийн хувьд өрсөлдөгч жижиг компани болон тухайн зах зээлд шинээр орж ирж байгаа компанийг бодвол үйлдвэрлэлийн дундаж зардал бага, тодорхой хугацаанд алдагдлыг даах чадвартай зэрэг давуу талууд олон байдаг.

     Нэгэнт түрэмгийлэгч өрсөлдөгчдөө зах зээлээс амжилттай зайлуулж чадсан, шинэ компаний зах зээлд нэвтрэхэд нь саад учруулж чадаж байгаа учраас хэсэг хугацааны дараа буюу өөрт тааламжтай үед үнээ хүссэнээрээ өсгөж, түрэмгийлэлийн үед хүлээсэн алдагдлаа нөхөх, улмаар цаашид өндөр aшигтай ажиллаж чадна .

     Худалдаа наймаа хийхээс татгалзах:

     Худалдан авагчид /ихэвчлэн жижиглэн худалдаачид/ эсвэл бөөний худалдаачдад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэлт хийхээс татгалзах, эсэргүүцэх үйл ажиллагаа юм. Жижиглэн худалдагчийг барааны үнийг хямдруулах эсхүл бусад нийлүүлэгчтэй худалдаа хийхийг хязгаарлах, эсхүл бараа бүтээгдэхүүнээ зөвхөн үйлчлүүлэгчдийн онцгой бүлэг эсхүл газар зүйн бүсэд худалдаалах зэрэг үйлдлийг хийлгүүлэх болон дахин борлуулах үнэ тогтоох үйл ажиллагаанд хүчээр оролцуулахын тулд энэ аргыг хэрэгжүүлдэг.

     Мөн босоо хамааралтай компаниудын хувьд өөрийн хамааралтай компаниас бусад компанитай худалдаа наймаа хийхээс татгалзах явдал байдаг.

     Барааг худалдаалахдаа түүнд өөр бараа дагалдуулан худалдаалах:

     Энэ нь худалдан авагч зөвхөн нэг л бүтээгдэхүүнийг онцлон сонирхож байгааг болон худалдан авах шаардлагыг далимдуулан хэрэглэгчийн сонирхсон бүтээгдэхүүнд өөр бараа дагалдуулан борлуулах гэж шахалт үзүүлэх явдал юм. Бараа дагалдуулах нь бусад компаниудын холбогдох бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломжийг хаах эсвэл бараа бүтээгдэхүүн дагалдуулдаггүй компанид зах зээлд нэвтрэх саадыг өсгөх зэргээр өрсөлдөөний эсрэг асуудлыг бий болгодог.

     Энэ үйлдлийн хамгийн томоохон жишээ бол, бидний сайн мэдэх Майкрософт компани өөрийн Windows үйлдлийн системийг борлуулахдаа дуу тоглуулагч өөрийн Media player программыг дагалдуулан борлуулсан үйлдэл юм. Энэ үйлдлээс нь болж бусад дуу тоглуулагч player программ үйлдвэрлэдэг компаниудын бүтээгдэхүүн борлогдохоо больж зах зээлээс шахагдахад хүрсэн. Энэ үйлдлийг АНУ-ын өрсөлдөөний байгууллага шалгаж Майкрософт компанийг буруутай гэж үзэн өндөр хэмжээний торгууль ногдуулсан байдаг.

     Дахин борлуулалтын үнэ тогтоох;

     Худалдан авагчдад тухайн бараа бүтээгдэхүүнийг дахин худалдаалах хамгийн доод эсхүл хамгийн дээд үнийг тогтоон өгч байгаа нийлүүлэгчийн үйлдлийг хэлдэг. Үнэ тогтоосноор нийлүүлэгч бараа бүтээгдэхүүний зах зээл дээр хяналт тавьж чадна. Мөн дахин борлуулалт хийж байгаа худалдан авагчийн зах зээл дээрх өрсөлдөөнийг /тухайн бараа бүтээгдэхүүний хувьд/ ихээхэн хязгаарладаг байна.

     Монгол Улсын хувьд дээрх давамгай байдалтай этгээдийн үйл ажиллагаанд хийх зохицуулалт нэг бүрийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлд зааж зохицуулсан бөгөөд уг зүйлд заан хориглосон үйл ажиллагааг явуулсан бол өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрөв хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах шийтгэл ногдуулахаар хуульчлан заасан байна.

 

5. Зүй ёсны монополийн зохицуулалт

     Бодит амьдрал дээр натурал буюу байхаас өөр аргагүй монополь компаниуд үйл ажиллагаа явуулж байдаг. Өөрөөр хэлбэл тухай компанийн зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч талын эрэлт нь ганц компаний үйлдвэрлэл, нийлүүлэлт, үйлчилгээгээр бүрэн хангагдаж байдаг салбарт зарим үед зүй ёсны монополь үүсдэг. Зүй ёсны монополь нь Засгийн газар, өрсөлдөгчдийн үйл ажиллагаанаас бус гол төлөв зах зээлийн эрэлттэй холбоотойгоор бүтээмжит технологийн ачаар бий болдог.

     Мөн тухайн зах зээлд шинээр компани нэвтрэн ороход эдийн засгийн болоод технологийн хувьд боломжгүй, ашиггүй байдаг. Тухайлбал, ус дамжуулах сүлжээний үйлчилгээний зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа зүй ёсны монополь компанийн тухай авч үзье. Тухайн бараа бүтээгдэхүүн буюу усыг худалдан авагч байгууллага, өрх гэрийн эрэлтийг ус дамжуулах нэг шугамаар хангах бүрэн боломжтой байдаг. Энэ шугамын хажуугаар дахин нэг ус дамжуулах шугам татаж өрсөлдөх нь эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй бөгөөд технологийн хувьд ч боломжгүй байж болох юм.

     Зүй ёсны монополийг төрөөс тусгайлан зохицуулдаг бөгөөд энэ нь үнэ, нийлүүлэлт зэргийг багтааж байдаг бөгөөд зах зээлийн тогтолцоотой эдийн засгийн хувьд зүй ёсны монополийн зохицуулалт нилээд чухал юм. Учир нь зүй ёсны монополь байдалтай этгээд нь ямагт тухайн зах зээлдээ ганцаараа үйл ажиллагаа явуулж зах зээлийг удирдаж байдаг.

     Мэдээж тухайн этгээд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа тул ашиг түүний хувьд хамгийн чухал. Зах зээлд түүний нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнийг орлуулах өөр бараа бүтээгдэхүүн байхгүй тул хэрэглэгч, худалдан авагчид ямар ч сонголт байхгүй. Иймд зүй ёсны монополийн үйл ажиллагаанд хийх зохицуулалт маш чухал гэдэг нь ойлгомжтой юм.

     Зүй ёсны монополь ашгийг хамгийн их байлгах үнийг тогтоох зорилготой байдаг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд зүй ёсны монополь байдалтай этгээд өндөр үнийг шууд тулгах, зохиомол хомсдол үүсгэж үнийг өсгөх, чанараа бууруулснаар зардлаа хэмнэсэн ч өмнөх үнээр борлуулж ашгаа нэмэгдүүлэх аргыг хэрэглэх магадлалтай юм.

     Манай улсын хувьд зүй ёсны монополийн зохицуулалтыг Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлд зааж өгсөн. Хуульд зүй ёсны монополь байдалтай этгээд бараа бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээгээ өөрчлөх тохиолдолд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авдаг байхаар заасан бөгөөд хуулийн энэ заалтыг зөрчсөн тохиолдолд өмнөх жилийн борлуулалтын орлогын гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах шийтгэл ногдуулахаар заасан байна.

6. Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааны хяналт зохицуулалт

     Хэдийгээр өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын гол зорилт нь зах зээлийн тэнцвэрийг алдагдуулах болон түүнд хүргэхэд шууд чиглэгддэг монопольчлол, картель, давамгай байдал, нэгдэх, нийлэх асуудлыг зохицуулах явдал байдаг ч шууд бусаар нөлөөлж болох зарим үйл ажиллагааг зохицуулах ёстой. Энэ бол зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч компанид нэгэн адил хамаарах бизнесийн шударга бус үйлдлүүдийн зохицуулалт юм. Энэ нь ихэвчлэн компаниуд өөрийнхөө болон өрсөлдөгч компаний талаар, мөн түүнчлэн бараа бүтээгдэхүүний талаар худлаа мэдээлэл тараах, худалдан авагчийг мэхлэх, бусад компанийн бараа бүтээгдэхүүнийг дуурайлган хийх, бусдын барааны тэмдгийг зөвшөөрөлгүй хэрэглэх, сав баглаа боодол, бараа бүтээгдэхүүний нэрийг дуурайлгах, төсөөтэй байдлаар хийх зэргээр илрэн гарч байдаг.

     Энэ үйлдлүүд нь өрсөлдөгч компанид тодорхой хэмжээний хохирол учруулан олж болох байсан ашиг орлогыг алдагдуулдаг. Өөрөөр хэлбэл шударга бус аргаар өрсөлдөгчийн олох байсан ашиг орлогыг өөрөө авч байгаа явдал юм. Магадгүй энэ байдлаас үүдэлтэй зарим мэдрэмжтэй зах зээл дээрх өрсөлдөгч компани зах зээлээс шахагдаж ч болзошгүй юм.

     Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааны талаархи зохицуулалтыг тодорхой заасан бөгөөд хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын хувьд 10 000 000 хүртэл төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураахаар заасан байна.

     Өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт ийнхүү тодорхойлогдож байгаа бөгөөд манай улсын хувьд зохицуулах ёстой ихэнхи харилцааг Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулж чадсан байна.

     Мөн түүнчлэн өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтыг амьдралд бодитоор хэрэгжүүлэхэд нэн чухал нэг зүйл бол хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий байгууллагын тухай асуудал юм. Дэлхийн улс орнуудын нийтлэг жишгийг харахад энэ төрлийн байгууллага нь гол төлөв хамтын удирдлагын зарчмаар буюу хорооны зохион байгуулалттайгаар ажилладаг байна. Манай улсын хувьд ч мөн ялгаагүй уг байгууллага болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 17.1-д зааснаар хамтын удирдлагын зарчмаар, дарга, таван гишүүний бүрэлдэхүүнтэй /гишүүдийн хоёр нь орон тооны, гурав нь орон тооны бус/ ажиллаж байна.

Зар сурталчилгааны хяналт

Хэрэглэгч гэж хэн бэ?

ШӨХТГ-аас орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай ху...